Tuesday, August 7, 2012

"Ялалт" нийтлэл

 Сэтгүүлч Д.Ганбаатарын бичсэн "Монголын топ 100 залуу" номонд орох Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн АКАДЕМИ-ийн захирал  Ё.Мөнхдэмбэрэлийн тухай бичсэн хөрөг нийтлэл                      

                     ЯЛАЛТ

                 Яагаад ч юм түүнтэй уулзаад гарч явахад “ЯЛАЛТ” гэдэг үг өөрийн эрхгүй санаанд орсон билээ. Идэр есийн хүйтэн жавар сөрөөд алхаж явахдаа энэ үгийг аман дотроо хэдэнтээ аяархан шивнэж алхсан санагдана. ЯЛАЛТ. Энэ л үгийн илчинд халууцаад бүгдийг ялан дийлэх хүсэл аяндаа дотроос ундарч байлаа.
          Яагаад ийм өөдрөг оргилуун болсноо эргэцүүлэн бодсон чинь гэнэт бодолд Ёндонренчингийн МӨНХДЭМБЭРЭЛ хэмээх нэр харван орж ирлээ. Нээрээ түүнтэй уулзсанаас хойш...
Эрхэм уншигч олон андуурч магадгүй. Намайг ЯЛАЛТ гэж олонтоо давтаад байхаар дайн тулаан, алаан хядаан, барилдаан ноцолдоон бүгдэд нь алганы амт үзүүлээд босоо үлдсэн эрийн тухай өгүүлэх юм болов уу гэж. Харамсалтай нь даанч тийм бус.  Жирийн л нэг атлаа жирийн бус хувь тавилантай залуугийн түүх.


ЭНГИЙН Л ЭХЛЭЛ
Ер нь ертөнцийн юм бүхэн санамсаргүйгээс эхэлдэг ч байж болох юм. Хүний амьдрал ч ялгаагүй дүүрэн санамсаргүй дунд өнгөрдөг байх л даа. Тэгвэл Ёндонренчингийн Мөнхдэмбэрэл хэмээх 26 хан настай залуу огт санамсаргүйгээр энэ амжилтад хүрчээ. Одоогоор түүнийг нь амжилт гэж хэлэхээс өөр сэтгэлгээний болоод оюун санааны гарц, хонгил үгүй мэт.
Харин түүний амжилтын намтар ингэж эхэлжээ. Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж өссөн түүнд 26-хан жилийн амьдралаас ЯЛАЛТ авч чадсан зүйл олон бий. Тэрбээр тавдугаар анги хүртлээ төрөлх сумынхаа дунд сургуульд суралцаад аав ээж, гэр бүлийхнээ дагаж, ажил амьдралын эрхээр аймгийн төв бараадаж, нэгдүгээр 10 жилийн сургуульд суралцахаар болсон явдал бяцхан хүүгийн хувьд цоо шинэ ертөнц байлаа. Сумын төвөөсөө холдоно гэдэг зуны амралтаараа хамаатан садныдаа очиж хонь хариулангаа Д.Намдагийн зохиолыг үргэлжүүлэн унших мэтээр төсөөлдөг байсан түүнд Арвайхээр гэдэг төөрмөөр том хот байсан гэдэг.
Аав нь шаахайтай мотоцклтойгоо /гурван дугуйт ч гэдэг/ одоогийн хэллэгээр такси үйлчилгээ эрхэлж, ээж нь хүнсний барааны жижиг худалдаа /ТҮЦ-ээс арай том/ хийх болов. Аав ээжийнх нь амьдралынг төлөөх энэ тэмцэл, зориг хатуужил түүнд мөнгө гэдэг юу вэ? гэсэн анхных нь гэнэн асуултад хариулт өгсөн нь дамжиггүй. Харин тэр шинэ ангийнхандаа дасаагүйн зэрэгцээ аймгийн төвийн хүүхдүүдэд дээрэлхүүлсэнээс болоод нэг жилийг гэртээ өнгөрүүлэхээр болсон нь ялагдаж болдоггүй юм байна гэсэн бодлыг бас л анх мэдрүүлсэн нь ойлгомжтой.
Хэдий гэрийн мухар сахиж нэг жилийг үдэх боловч шинэ ангидаа орохоороо сумын сургуульд байсан шиг ээ онцоос өөр дүн авахгүй байхаар зорилт тавьсан нь амьдралаас олж авсан анхны жинхэнэ ЯЛАЛТ.
Мөн эхний эрж олсон бизнес ухаан нь байлаа. Тухайн үед хүүхэд бүрийн хүслэн болж байсан “Сига” тоглоомыг нь гэртээ аваачиж тоглох болзолтой ангийхныхаа гэрийн даалгаварыг хийж, шалгалтаас нь “амьд мэнд” салган авдаг болов.
Багш нар хүртэл түүнийг самбар дээр тоо бодож байхтай нь зэрэгцэн хариултыг нь олчихсон байхыг хараад гайхаж, хайрлахаас өөр зүйлийг мэдрүүлдэггүй болсон байлаа. Учир нь тэрбээр маргааш үзэх хичээлийнхээ бүх бодлогыг оройд нь заавал бодчихоод унтдаг байв. Есдүгээр ангиасаа матметикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж, уралдаан тэмцээнд оролцож, ёстой л хуучин цагийн хэллэгээр “Гавал” гэдэг хачин нэрийг зүүх болов. Угийн тооны талын хичээлд тордоггүй байсан учраас тухайн үеийн гарын авлага “шар номын” бүх бодлогыг элсэлтийн шалгалтандаа зориулан таван ч удаа бодож байсан үе түүнд бий. Харин амьдрал шийдэх тэр торгон алхамд тэрбээр санамсаргүйгээр хоёрхон алдаа гаргасан тул хүсч байсан Олон улсын харилцааны чиглэлийн ангийг сонгох боломж олдсонгүй. Энэ нь амьдрал хүний алдааг уучилдаггүй болохыг түүнд харуулсан хамгийн том ойлголтыг төрүүлсэн нь лавтай. Ингээд нэгэнт сонголтын өмнө тулгарсан учир ямар нэгэн сургуультай үлдэх нь зайлшгүй болов. Учир иймээс “Хүний нөөцийн менежер” гэдэг ангийг сонгочихоод гарч явахад нь “цаг уурч” болох юм шиг сэтгэгдэл төрсөн учир солихоор шийдээд хотыг зорив. ШУТИС-д элсэлтийн шалгалт өгсөн боловч бас л бүтэлгүйтэв. Угаасаа л амьдрал гэдэг санасанаар болдоггүйг хэн хүнгүй мэднэ дээ.

ШИНЭЭР ТӨРӨВ
Яалт ч үгүй өөрөө сонгочихсон учир хүсэл байгаагүй ч өөрийн төсөөлөхөөсөө хэтрэхгүй байсан “Цаг уурч”-ийн ангидаа / ШУТИС-ийн КтМС-ийн “Хүний нөөцийн менежер” анги/ явахаас өөр зам үнэндээ байгаагүй. Гэсэн хэдий ч “Энэ ангийг заавал солино” гэсэн хэрсүү бодол түүний толгойг амраахгүй төвөг болдог байв. Хажуугаар нь дотуур байрны атаманууд дээрлэхэж, нударганы амт үзүүлэх, архинд гүйлгэх, хотын бараа харж байгаагүй болохоор хөдөөгөө хачин ихээр санах гээд түүнд зовлон их. Өлсөж, цангах, мөнгө төгрөггүй болох энэ тэр бол юу ч биш... Нударганы амт үзээд нүүр нүдгүй хавдчихсан байхыг аав, ээж нь хараад сургуулиа орхихыг зөвлөж байсан нь нэг бус удаа. Гэтэл түүнд бууж өгөх бодол байгаагүй төдийгүй ялан дийлэх хүсэл хэтрүүлж хэлбэл гэнэт л толгойд нь амь бөхтэй суурьшсанаар бүх зүйл эхлэв.
Багийн дуу цөөтэй, бүрэг ичимхий зан, аймхай хүлцэнгүй байдлаа гээж цоо шинэ хүн болох нь зөв болохыг ойлгож улмаар өөрийгөө задлаж эхэлсэн нь амьдралдаа хийсэн том ЯЛАЛТ-ын нэг болж чадсан гэдэг. Машин угаалгын газарт ажиллаж, зөөгч хийж явсан үе нь түүнд одоо үл мартагдах дурсамжтай гэх. Тэрбээр энэ тухайгаа “Би дахиж ийм ажил хийхгүйн тулд сайн сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Машин угаалгын газарт гараа сайрттал ажиллах яаж л сайхан байв гэж. Гэхдээ энэ бүхнээс би олон зүйлийг сурч авсан” хэмээн даруухан өгүүлсэн удаатай.
            Харин их сургуулийн гуравдугаар ангиасаа эхлээд түүний сонгосон мэргэжил гэмгүй болох нь бага багаар мэдрэгдсэн ажээ. Мэргэжлийн чиглэлийн хичээлүүд үзээд ирэхээр сонирхолтой санагдах болсон нь түүнийг хөдөлмөрлөхөд хүргэв. Төгсөх ангийн оюутан байхдаа тэрбээр ямар ч байсан ажилтай болж, аав ээжийнхээ санааг амраах зорилго өвөртлөн олон байгууллагын хаалгыг татан шалгаруулалтад унахдаа унаж, оюутан гэдэг шалтгаанаар хаалган дээрээс нь хөөгдөх шахам буцаж байсан ч шантарсангүй. Ер нь түүнд юунаас ч шантардаггүй болоод нэг тийм гэж тодорхойлохын аргагүй нууцлаг чанар байдаг тухай нөхөд нь ч дурсдаг билээ.
Ингээд багшийнхаа санал болгосоноор ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “CPJV” ХХК-д дадлага хийхээр очсон нь мэргэжлийн чиглэлийн анхны түүчээ нь байсан юм. 10 хуруугаараа шивэх, хэрэглээний бүхий л программ дээр ажиллах гэх мэт компьютерийн мэдлэг нь түүнд илүүтэй тус болов. Ахлах менежерийн үл мэдэх бага сага зүйлийг нь зааж, итгэлийг нь олсоноор долоо хоногийн дараа туршилтын ажилтан болж амжив. Үүндээ сэтгэл ханаагүй тэрбээр захиралтайгаа уулзуулж өгөхийг ахлахаасаа хүсч, “Хүний нөөцийн үнэлгээ” гэсэн цоо шинэ сэдвээр судалгаа хийх гэж байгаа тухайгаа дуулгахад дуртай хүлээн зөвшөөрснөөр мөн л долоо хоногийн дараа жинхэнэ ажилтан болж дөнгөв.
Ингээд удирдах албан тушаалтнуудаас түүнд “Хүний нөөцийн үнэлгээ”-гээрээ төсөл хийх санал тавьж, төслийн багийн удирдагч болж бас л богино хугацаанд Хүний нөөцийн бодлого хариуцсан менежерийн албан тушаал дээр буув. Үнэндээ түүний цаг заваа баран судлаад буй энэ сэдэв нь бичих дипломынх нь ажил байсан билээ. Маш товчхондоо Ё.Мөнхдэмбэрэл нэг сумаар хоёр туулай буудаж амжсан хэрэг л дээ.
            Гэвч түүнд цааш суралцах хүсэл, зайлшгүй шаардлага урган гарч буйг анзаарснаар ШУТИС-КтМС-ийн магистрын ангийг сонгон суралцах болоход компанийнх нь удирдлагууд энэ дэх ажил чинь цалгардана хэмээн анхааруулсан тул орхихоос өөр аргагүйд хүрэв. Үнэндээ хүний хүсэл тэмүүлэл гэдэг юутай хүчтэй билээ. Тийм ч учраас тэрбээр хүсэл тэмүүлэл гэдэг хүчтэй замаа алдчихгүй юмсан хэмээн хичээнгүйлэн зүтгэж яваа жирийн л монгол айлын энгийн нэгэн залуу хүн. Учир нь тэр бүгдийг энгийнээс л эхэлсэн... Бусдын адил шинээр л төрсөн... Гэхдээ нэг нууц бий.
Ингээд МУИС-ийн Худалдааны сургуульд /хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль/ багшлах боломж олдохын хажуугаар магистрын зэргээ хамгаалж чадав. Түүнд гэхдээ захирал, удирдах албан тушаалтан болох оюутан цагийн мөрөөдөл бий. Түүнийгээ цаг ямагт санаж явсан гэхэд хэтрүүлж хэлсэн болохгүй биз.


АМРАЛТЫН МӨНГӨ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ
Багш нарын амралтын мөнгө гэж түүний мэдэлд 600 мянган төгрөг ирэв. Үүнийг хэрхэн зарцуулахаас бүх зүйл шалтгаална гэдгийг тэр аль хэдий нь тооцоолсон байжээ. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд амжилтанд хүрэхийн нөөц, бололцоо нь хүн өөрөө юм гэдгийг маш сайн ухаарсан байлаа. Иймдээ ч “Монголын хүний нөөцийн үнэлгээний төв” гэсэн байгууллагатай больё хэмээн бодож, судалж явсан зүйлээ ажил хэрэг болгохыг зорив. Гэтэл орон нутгийн харъяалалтай гэх мэт аар саархан шалтгаанаар түүний хүслийг биелүүлэх боломж олголгүй тас цохин хаяжээ. Гэхдээ ингээд бүх зүйл дуусчих юм шиг санаж яваагүй нь бас л том ЯЛАЛТ. Харин огт санамсаргүйгээр байгууллага толгойлох, мөрөөдөлдөө бага ч гэсэн дөхөх тийм боломжийг найз нь олгов. Олгох ч юу байх вэ дээ? түүнд “Монголын хүний нөөцийн мэдээлэлийн төв” гэсэн албан ёсны тамга, тэмдэг байсан хэрэг. Ингээд л тэрээр ажлаа эхэлсэн. 600 мянган төгрөгийнхөө 200-г нь амьдардаг байрны түрээстээ өгөөд үлдсэн 400 мянган төгрөгөөр нь хуучин ширээ сандал, мөн нэг менежер ажилд авсан боловч, хүмүүст мэдээлэл байхгүй, зар сурталчилгаа хүчтэй цацаагүй учир эхний нэг сар жижигхэн умгар өрөөндөө хоёр биенийхээ царайг харахаас хэтэрдэггүй байв. Энэ үед тэрбээр больдог ч юм уу хэмээн бодож байсан тухайгаа нуугаагүй. Ингэж хэлэхийг бодоход сэтгэл, санаагаар унасан нь тодорхой.
Гэвч дотроос нь өнөөх НУУЦ түүнийг зүгээр суулгасангүй. Харин 2 сарын дараанаас нь байдал тэс өөрөөр эргэв. Байгууллагынх нь хаалгыг хүмүүс хааяа нэг тогшдог болов. Тун бага хугацааны дараа хүлээлгийн сандал дээр хэд хэдээрээ суугаад хүлээдэг боллоо. Энэ үйл явдал одоогоос нэгхэн жилийн өмнө билээ. Харин өнгөрсөн оны зургадугаар сард “Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн АКАДЕМИ” /МХНУША/ болгон өрөгжүүлэн “Хүний нөөцийн зуучлалын төв”, “Сургалтын төв”, “Үнэлгээний төв”, “Монгол менежмент судалгааны төв” гэсэн дөрвөн төвтэй үйл ажиллагаа явуулах болтлоо өргөжсөн нь өнөөдрийн цаг үе билээ.
МХНУША-ын захирал, МУИС-ийн багш, “Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн Ё.Мөнхдэмбэрэл /докторант/ одоогоор өөрийн байгууллагаараа дамжуулан 250 гаруй хүний нөөцийн менежер бэлтгэн гаргасанаас 80 гаруй хувь нь ажлын байртай болсон байна.
Та ч гэсэн түүнтэй уулзаж, лекцийг нь сонсоод, сургалтад нь суугаад үзвэл “Амжилтанд хүрэх нөөц нь бол та өөрөө юм” гэдгийг олон талаас нь харж ойлгоод цоо шинэ ЯЛАЛТ-ыг өөртөө бий болгох ч юм бил үү...
Харин миний мунхаг ухаанаар бол өөрийгөө ялан дийлэхийн ухаан гэх юм уу даа. Тэр нэг НУУЦ-ыг...

No comments:

Post a Comment

Өөрийн санаа бодлоо хуваалцсанд баярлалаа.